Төв Азийн нүүдэлчдийн өлгий нутаг Орхоны хөндий нь өнө эртнээс хүн суурьшиж, мал сүргээ адгуулан аж төрж, үеэс үед уламжлан хөгжүүлж ирсэн нүүдлийн өвөрмөц соёл иргэншлийн голомт юм. Малчин удамт нүүдэлчдийн төрт улсаа байгуулж мандан гарсан өлгий нутаг, суут Богд Чингис хааны байгуулсан Монголын Эзэнт гүрний нийслэл алдарт Хархорумын ариун нандин дурсгалыг хадгалан үлдсэн дэлхий дахины түгээмэл үнэ цэнэ бүхий хосгүй гайхамшигт дурсгалтай байгалийн ил музей билээ.
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны сайдын 2010 оны долоодугаар сарын 20–ны өдрийн 340 дүгээр тушаалаар Хархорум музейн анхны захирлаар Ч.Нацагням томилогдож байжээ. Хархорум музей 2010 оны есдүгээр сараас эхлэн бэлтгэл ажил болох үндсэн чиглэлд тусгагдсан үзүүллэгийн агуулга, бүтцэд зайлшгүй байх ёстой үзмэр, эд өлгийн зүйлийг бүрдүүлэн цуглуулах, үзүүллэг зохион байгуулалт, үзмэр дэглэлтийн ажил, тэдгээрийн эрдэм шинжилгээ, уран сайхны болон техникийн төлөвлөлт зэрэг ажлуудийг хийж гүйцэтгэсэнээр 2011 оны зургаадугаар сарын 04–ны өдөр албан ёсоор нээлтээ хийсэн.